ХИЛ ОРЧМЫН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хооронд хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд “Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн 2022 оны ээлжит хуралдаанаар мөрөөр хийж хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөөний дагуу Монгол Улсад албан айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Өвөрбайгалийн хязгаар дахь Удирдах газрын дарга, цагдаагийн хошууч генерал Еговцев В.П. тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.06.08/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ууганбаяр, Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг нар оролцов.
Дээрх уулзалтаар манай хоёр улсын хил орчмын бүсийн хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, цаашид терроризм, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, мөнгө угаах зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар Хэвлэл мэдээллийн төв.