ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн гурван үе шаттайгаар “Асуудлаас шийдэлд” уриатайгаар бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Н.Мөнх-Итгэл, газар, хэлтсийн дарга нар болон анги, тусгай салбарын захирагч нар оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд хэлсэн үгэндээ:
Бид энэхүү зөвлөгөөнийг Улсын Их Хурлаас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого”, Засгийн газраас “2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” бодлогын баримт бичгүүдэд үндэслэн 3 үе шаттайгаар “Асуудлаас шийдэлд” уриатайгаар бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан нь онцлогтой юм.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд бид, 2024 онд дэвшүүлсэн зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, алба хаагчдынхаа нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл бодитоор сайжруулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд зөв бодлогоор манлайлан ажиллаж, иргэд, олон нийтийг гэмт хэрэгт өртөж хохирсны дараа шалгах бус гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж чаддаг байх, камержуулалтын суурьшлын бүсийн хяналтыг 80-аас дээш хувьд хүргэх, “Сall center”-ийг нэгдсэн нэг дугаарлалттай болгох, хохирсон иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллахаа илэрхийлж амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, хэлсэн үгэндээ:
Нийт бие бүрэлдэхүүн төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэлээ.
Төр, засгаас алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин, нийгмийн бусад баталгааг хангахад онцгой анхаарч байгаагийн хэрээр алба хаагч бүр мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагаа байнга дээшлүүлэх учиртайг хэллээ.