Дотоодын цэргийн 810 дугаар ангид “Байлдааны туг” гардуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 356 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 810 дугаар тусгай салбарыг “Анги” болгон өргөтгөсөн.
Тус ангид “Байлдааны туг” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр /2022.04.22/ Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жагсаалын талбайд зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис болон алба хаагчид оролцлоо.
“Байлдааны туг” гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн үгэндээ: “Өнөөдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон “Байлдааны туг”-аа Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу ёслол төгөлдөр гардан авлаа.
Байлдааны туг нь бие бүрэлдэхүүний сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл юм. Тиймээс энэхүү Байлдааны туг нь аливаа бахдам үйлс, бахархам түүх, ололт, амжилт, алдар гавьяа бүхний тэргүүн манлайд Монгол төрийн алтан соёмбот далбааны нэгэн адил өндөрт мандаж явах учиртай бөгөөд Та бүхэн ч өөрсдийн хичээл зүтгэлээрээ тийнхүү мандуулж явах үүрэгтэй билээ.
Миний бие Дотоодын цэргийн анги, байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төсөв, санхүү, орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийг сургаж бэлтгэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслээр үе шаттайгаар хангах асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэв.