ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДАД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр“ болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.
Манай улс 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж, тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн тухайд аяныг "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд Дотоодын цэргийн байгууллага тус аянд нэгдэж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал-Дотоодын цэрэгт” аяныг өрнүүлж байна.
Тус аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаж, Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт ажилтны сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт”, “Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт” сэдвээр танхим болон цахимаар зохион байгуулж, анги, байгууллагын алба хаагчдыг хамрууллаа.
Тус сургалтыг зохион байгуулснаар хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай мэдлэг, ур чадварыг олгож, эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах хандлага төлөвшүүлэх ач холбогдолтой юм.