ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН БАГ ТАМИРЧИД “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-Д МӨНГӨ, ХҮРЭЛ ХОС МЕДАЛИЙГ ХҮРТЭЖ, АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн” энэ оны 06 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд “Шилдэг бүлэг шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулсан юм.
Энэ удаагийн тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 900 гаруй шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Цагдаагийн ерөнхийн газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Эрэгтэй салааны байнгын бүрэлдэхүүний “Тэргүүн байр”-т Зэвсэгт хүчний жанжин штаб; “Дэд байр”-т Дотоодын цэргийн штаб, “Гутгаар байр”-т Онцгой байдлын ерөнхий газрын баг, тамирчид;
Эмэгтэй тасгийн “Тэргүүн байр”-т Үндэсний батлан хамгаалах их сургууль, “Дэд байр”-т Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Гутгаар байр”-т Онцгой байдлын ерөнхий газрын баг, тамирчид;
Хугацаат цэргийн бүрэлдэхүүний “Тэргүүн байр”-т Зэвсэгт хүчний жанжин штаб, “Дэд байр”-т Үндэсний батлан хамгаалах их сургууль, “Гутгаар байр”-т Дотоодын цэргийн штабын баг, тамирчид тус тус шалгарч, амжилттай оролцлоо.
Цэргийн алба хаагчийн бахархал, омогшил "Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн"-д амжилттай оролцсон нийт баг, дасгалжуулагч, тамирчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье!
МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН СҮР ХҮЧ СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ