ШИНЭ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги, 837 дугаар салбарт 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдан алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчид цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ өдөр 05 дугаар ангийн байрлалд 11.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдлаа.
Ёслолын арга хэмжээнд хугацаат цэргийн алба хаагчдын ар гэр, найз нөхдийн төлөөлөл нийт 500 орчим иргэд оролцож, үзэж сонирхсон.
Тус арга хэмжээний хүндэт зочдоор Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Б.Мандахгэрэл, Сонгинохайрхан дүүргийн цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Нямгэрэл болон ахмад дайчид, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Батлагдсан хөтөлбөрийн дагуу Байлдааны туг залах, урлаг соёл, цэргийн хэргийн үзүүлэх тоглолт, анги, байгууллагын үйл ажиллагааг танилцуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж, иргэд, олон нийтэд сурталчлан ажиллаа.