“ДОТООДЫН ЦЭРГИЙН 809 ДҮГЭЭР АНГИД БАЙЛДААНЫ ТУГ” ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дотоодын цэргийн 809 дүгээр ангид “Байлдааны туг” гардуулах арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 165 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарыг “Анги” болгон өргөтгөн зохион байгуулсан нь цаашид Улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх үндэс суурийг тавьсан.
Тус ангид “Байлдааны туг” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Цэргийн дүрмийн дагуу зохион байгуулж, арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тусгай чиг үүрэг бүхий командлал, анги, байгууллагын удирдлага оролцлоо.
Байлдааны туг нь цэргийн анги, байгууллагын дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл бөгөөд бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл юм.
Сүлд хийморийн бэлгэдэл болсон “Байлдааны туг”-аа ёслол төгөлдөр гардан авсан Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.