“ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ХАМТДАА НЭГ ӨДӨР” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, хугацаат цэргийн алба хаагчид болон тэдний ар гэрт алба хааж буй орчин нөхцөлийг нээлттэй, ил тод танилцуулах зорилгоор батлагдсан төлөвлөгөөний дагуу цэргийн ротын нэгдүгээр салааны хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхнийг оролцуулан “Хугацаат цэргийн албанд хамтдаа нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөг, арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.


Тус арга хэмжээнд ангийн удирдлага, цэргийн ротын офицерууд болон хугацаат цэргийн алба хаагчид тэдний ар гэрийнхэн оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд ангийн захирагч болон орлогч нар хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхнийг хүлээн авч уулзан ангийн түүхэн замнал, үйл ажиллагааг танилцуулж Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүд, хугацаат цэргийн албаны тухай ойлголт, хугацаат цэргийн алба хаагчийн хангалт, эрүүл мэнд, хоол хүнсний талаар мэдээлэл өгч санал сэтгэгдлийг сонсон нээлттэй ярилцлага зохион байгууллаа.







Мөн энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулж ар гэрийнхэн болон хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулан “Дартс”-ын тэмцээн зохион байгууллаа.









“Дартс”-ын тэмцээнд дэд байрт 1-р салааны байлдагч М.Бат-Оргил, эгч М.Соёл-Эрдэнэ нар шалгарч 48 цагийн чөлөө, тэргүүн байрт 1-р салааны байлдагч Н.Батболд, ээж А.Нацагням нар шалгарч 72 цагийн чөлөөгөөр тус тус шагнууллаа.
Хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцогч ар гэрийнхний төлөөллийг цэргийн байр болон хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, хувцас хэрэгсэл, хоол хүнс, албанд хэрэглэгддэг зэвсэг, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг сонирхуулж хугацаат цэргийн алба хаагчдын өдрийн хоолонд оруулж үдэн гаргаснаар арга хэмжээ өндөрлөлөө.


