ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2026 ОНЫ ГУРАВДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, байгууллагын чадавх, алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн баталгааг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.
Өнөөдөр дотоодын цэргийн байгууллага 2026 оны гуравдугаар улирлын ажлаа дүгнэн үйл ажиллагааны тайлангийн хурлаа Сүлд чуулгад зохион байгууллаа.





Энэхүү хурлаар Дотоодын цэргийн штабын дарга, хууль зүйн доктор /Ph.D/, бригадын генерал Н.Лхагвасайхан Дотоодын цэргийн байгууллагын 2026 оны гуравдугаар улиралд зохион байгуулсан онцлог ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний мэдээлэл, мөн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Бум-Эрдэнэ Дотоодын цэргийн алба хаагчдын 2026 оны гуравдугаар улирлын сахилга, ёс зүйн байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн бол Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн профессор, доктор /Ph.D/, цагдаагийн хошууч А.Баярцэцэг алба хаагчдад "Албаны үйл ажиллагаанд сэтгэл зүйн онцлогийг харгалзах нь" сэдвээр мэдээлэл хийж, алба хаагчдад хүргэлээ.
Тайлангийн хуралд Дотоодын цэргийн штабын дарга, хууль зүйн доктор /Ph.D/, бригадын генерал Н.Лхагвасайхан, штабын даргын зөвлөлийн гишүүд, анги байгууллагын удирдлагууд, төв орон нутгийн 18 байршлаас 1100 гаруй алба хаагч танхимаар болон цахимаар оролцлоо.
Монгол төрийн дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай.