ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.
Жил бүрийн Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд улс орнуудад устай холбоотой аливаа асуудлын талаар мэдлэг, мэдээлэл солилцох, бусдад түгээх, өөрчлөлт хийх, хэлэлцэх боломжийг олгодог ач холбогдолтой.
Энэ жил олон улсад “Ус ба Энхтайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Усны тухай сонирхолтой баримтуудаас дурьдвал:
- Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг.
- Монгол орны усны нөөцийн 80 хувь нь гадаргын ус.
- Гадаргын усны 60 гаруй хувь нь гадагш урсан гардаг.
- Хөвсгөл нуур дангаараа нууруудын усны нөөцийн 70 гаруй хувийг эзэлдэг.
- Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатайгаар 2019 онд 81 гол мөрөн, 287 булаг шанд, 78 нуур тойром, 11 рашаан сэргэсэн бол 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ.
Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалъя, хуримтлуулъя.