ГАРДАН ТУЛААНЫ “СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”-ЫН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх зорилгоор Дотоодын цэргийн штаб, Монголын гардан тулааны холбоотой хамтарсан сургалтыг 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж, алба хаагчдад "СУРГАГЧ БАГШ"-ийн гэрчилгээ гардуулах хаалтын арга хэмжээ өнөөдөр (2026.02.13) боллоо.




Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, Монголын гардан тулааны холбооны тэргүүн, олон улсын хэмжээний мастер хар бүс 5 дан, дэд хурандаа Х.Оналбек, Монголын Гардан тулааны салбар ЭЗО дэвжээний захирал, олон улсын хэмжээний мастер, хар бүс 4 дан, цагдаагийн бэлтгэл хурандаа С.Энхсайхан болон дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, штаб, анги, тусгай салбарын 28 алба хаагчид оролцлоо.
Сургалтыг амжилттай дуусгаж "СУРГАГЧ БАГШ"-ийн гэрчилгээг гардаж авсан алба хаагчид цаашид өөрийн анги, салбартаа сургалт зохион байгуулах, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, биеийн хүч, тусгай мэхийг хуульд нийцүүлэн, оновчтой, аюулгүй хэрэглэх соёлыг төлөвшүүлэх сургагч багш нар болж байгаа бөгөөд өндөр хариуцлага, үлгэр манлайлал шаардсан үүргийг хүлээж байгаа юм.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан хэлсэн үгэндээ: Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд биеийн хүч, тусгай мэх хэрэглэх нь зөвхөн техник, ур чадварын асуудал бус, хүний эрхийг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүй, сахилга хариуцлагатай салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Мөн сургалтыг өндөр түвшинд зохион байгуулж, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан Монголын гардан тулааны холбооны сургагч багш нар, хамтран ажилласан нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.