"Цагдаа, дотоодын цэргийн удирдлагууд дотоодын цэргийн анги, нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа"
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Тусгай ажиллагааны газар, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн байрлалд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцав.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун болон анги, нэгжүүдийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчид оролцлоо.
Арга хэмжээний үеэр Дотоодын цэргийн ууган байгууллага болох 05 дугаар ангиас хэрэгжүүлсэн онцлог ажил, арга хэмжээ, хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах орчин, хоол хүнс, хангамж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцан, цаашдын зорилго, зорилтын талаар санал солилцсоноос гадна хугацаат цэргийн алба хаагчидтай уулзан, санал хүсэлтийг сонсож, албаа үлгэр жишээчээр хааж буй алба хаагчдыг сайшааж, урамшууллаа.



Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Тусгай ажиллагааны газар, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст ажиллах үеэрээ гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг Сургалтын нэгдсэн төвийн Үнэрийн лабораторийг онцлон, хэрэгжүүлж буй чиг үүрэг, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдах дэлхийн улс орнуудын хууль сахиулах байгууллагын тусгай ажиллагааны нэгжийн бие бүрэлдэхүүний тактик ажиллагаа, багуудын мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагаа, тактик сэтгэлгээ, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сорих зорилго бүхий олон улсын “SWAT Challenge” тэмцээнд анх удаа оролцохоор бэлтгэл хангаж буй алба хаагчдын бэлтгэлийн явцтай танилцан, амжилт гаргахыг хүслээ.