"ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЛЭЛЭЭ"
Дотоодын цэргийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаатай хамтран офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдад Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, тэр дундаа эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 4 багц, 32 цагийн сургалтын төлөвлөгөө батлагдаж, хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган Хошууч генерал А.Думбурайн нэрэмжит, цэргийн гавьяаны Дотоодын цэргийн 805 дугаар анги, 837 дугаар тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагчдад энэ оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор, дэд профессор Я.Цэлмэн “Хүний эрх зөрчигдөх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцаанаас урьдчилан сэргийлэх нь”, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны сургалт хариуцсан референт А.Манлайбаатар “Албадан хөдөлмөр эрхлэлт болон цэргийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн тухай ойлголт” сэдвүүдээр сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явууллаа.




Энэхүү сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулснаар Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн тухай олон улсын гэрээ, конвенц, холбогдох хууль, тогтоомж, дотоод журамд заасан эрх зүйн үндсийг гүнзгий судалж, практик нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мөн хугацаат цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харилцаа, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтын илрэлүүдийг таньж, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.