УЛСЫН ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТЫН ХАМГААЛАЛТЫН ЦОГЦ СИСТЕМИЙГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ТАНИЛЦУУЛЛАА
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан Орхон аймгийн 816 дугаар ангид энэ оны 06 дугаар сарын 04-өөс 06-ны өдрүүдэд ажиллаж байна.
Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудад Улсын онц чухал объектын хамгаалалтын цогц системийг танилцуулах уулзалтыг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн байрлалд зохион байгууллаа.



Уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр, Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын хэлтсийн дарга, хошууч Д.Батгэрэл болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар тэргүүтэй холбогдох нэгжийн удирдлагууд оролцов.
Энэ үеэр Дотоодын цэргийн байгууллагын үндсэн зургаан чиг үүргийн хүрээнд Улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулж буйг цохон тэмдэглэсэн.
Дэлхийн улс орнууд Улсын онц чухал объектын хамгаалалтад хүний хүчин зүйлээс шалтгаалах уламжлалт арга хэрэглэхээс татгалзаж, хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник технологи, камержуулалт, периметрийн болон радарын хяналтын системийг өргөнөөр нэвтрүүлж байгааг танилцууллаа. АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, ХБНГУ зэрэг улсын туршлагаас харахад хамгаалалтын ухаалаг, нэгдсэн систем нь аюулгүй байдлыг илүү үр дүнтэй хангах боломж бүрдүүлж буйг онцлов.
Талууд Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан “Улсын онц чухал объектын хамгаалалтын цогц систем” төслийг стратеги төлөвлөлтийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж байгааг үнэлж, цаашид техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хамгаалалтын дэвшилтэт цогц системийг үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдэв.